← Нийтлэлийн архив

Нийтлэл · 2026-11-21

Бие маань хоол идэхгүй үед юу хийдэг вэ?

Шөнийн мацаг, глюкоз, инсулин болон энергийн нөөцийн тухай

Өмнөх тэмдэглэлээ нэг асуултаар төгсгөсөн. Оройн хоолноос маргаашийн эхний хоол хүртэлх тэр хэдэн цагт бие маань энергээ хаанаас авдаг бол?

Жишээ нь, орой найман цагт хооллоод маргааш өглөө найман цагт цайгаа уулаа гэж бодъё. Хооронд нь юу ч идээгүй бол 12 цаг өнгөрчээ. Энэ хугацааны ихэнхийг бид унтаж өнгөрөөдөг. Гэхдээ унтлаа гээд зүрх цохилохоо, тархи ажиллахаа, бие энерги хэрэглэхээ болихгүй.

Сүүлд идсэн хоолноос шимэгдэх энерги багасах үед бие юу хийдэг юм бол? Мандуул ахын Н. Наранболд эмчтэй хийсэн ярилцлагад гарсан мацаг, инсулин, эсийн «цэвэрлэгээ» гэх ойлголтуудыг бодоод энэ удаа биеийн дотор яг юу болж байдгийг судалж үзэв.

Мацаг гэдэг нь заавал олон хоног өлсөх гэсэн үг биш

Мацаг (fasting) гэдэг үгийг сонсоход олон хоног юм идэхгүй байх, эсвэл шашны зан үйл санаанд орж магадгүй. Харин энэ тэмдэглэлд мацаг гэж хоол, илчлэг авахгүй өнгөрөөж буй хугацааг хэлж байгаа. Оройн хоолноос өглөөний цай хүртэлх завсарлага ч үүнд багтана.

Оройн хоолоо 20:00 цагт идээд маргаашийн эхний хоолоо 08:00 цагт идэх хүртэлх 12 цагийн завсарлага.
Жишээ хугацаа; хүн бүрийн биологийн өөрчлөлтийг цагийн хуваариар тогтоохгүй

Гэхдээ мацаг, удаан үргэлжилсэн хоол тэжээлийн дутагдал хоёрыг адилтгаж болохгүй. Хэдэн цаг хоол идэхгүй байх болон биеийн хэрэгцээг олон хоног, долоо хоногоор хангаж чадахгүй байх нь эрсдэл, үр дагаврын хувьд өөр.

Мөн хоолоо идэж дуусмагц бие гэнэт шинэ «горимд» шилждэггүй. Хоол боловсруулах, шимэгдэх үйл явц тодорхой хугацаанд үргэлжилнэ. Харин гаднаас орж ирэх шим тэжээл багасахын хэрээр бие нөөцөлсөн энергээ илүү ашиглаж эхэлдэг. Мацгийн физиологийн судалгааны тойм энэ өөрчлөлтийг нэг мөчид биш, давхцан явагддаг үйл явцууд гэж тайлбарлажээ.

Хоол идсэний дараа глюкоз, инсулин хоёр яадаг вэ?

Өмнөх бүлэгт калори болон шимт бодисуудын тухай ярьсан. Тэндээс нэг жишээ авъя. Талх, будаа зэрэг хүнсэнд агуулагдах цардуул хоол боловсруулах явцад задарч, глюкозын эх үүсвэр болдог.

Глюкоз (glucose) бол биеийн олон эс энерги гаргахад ашигладаг энгийн сахар. Хоолноос шимэгдсэн глюкоз цусанд ороход түүний хэмжээг зохицуулах шаардлагатай болно.

Энд инсулин (insulin) хэмээх даавар чухал үүрэг гүйцэтгэдэг. Нойр булчирхайнаас ялгардаг инсулин нь булчин, өөхөн эд зэрэгт глюкоз ашиглах, элэг болон булчинд энерги нөөцлөх үйл явцыг дэмжиж, цусан дахь глюкозыг хэвийн хүрээнд байлгахад тусалдаг.

Инсулиныг таргалалт, чихрийн шижинтэй холбоотой ярианаас их сонсдог болохоор муу зүйл мэт ойлгох амархан. Гэтэл хоолны дараа инсулин нэмэгдэх нь өөрөө өвчин биш, биеийн хэвийн зохицуулалтын нэг хэсэг юм. UCSF-ийн тайлбарт ч инсулин хоолны хооронд болон шөнийн турш бага хэмжээгээр ялгарсаар байдгийг тэмдэглэжээ.

Глюкоз ба инсулин

Инсулины дохиог булчин хүлээж авна
Инсулин дохио өгснөөр булчингийн эс глюкозыг цуснаас авахад бэлэн болдог.Хялбаршуулсан 3D дүрслэл; хэмжээсийг бодит харьцаагаар үзүүлээгүй.
Үйл явцын тайлбар
  1. Талхны цардуул задарна. Гэдэснээс жижиг глюкозын молекулууд цусанд шимэгдэнэ.
  2. Хоолны дараа цусны глюкоз нэмэгдэхэд нойр булчирхайн зарим эс инсулин ялгаруулдаг.
  3. Инсулин булчингийн эсийн гаднах рецепторт холбогдоно. Эс доторх GLUT4 зөөвөрлөгч гадаргуу руу шилжинэ.
  4. Глюкоз гадаргууд ирсэн GLUT4 зөөвөрлөгчөөр дамжин эсэд орно. Булчин түүнийг ашиглах эсвэл нөөцлөх боломжтой.

Загварын эх сурвалж, лиценз

Хоол идэхгүй үед элэг яагаад чухал болдог вэ?

Оройн хоолноос хойш хэдэн цаг өнгөрөхөд хоолноос шинээр шимэгдэх глюкоз багасна. Гэхдээ цусан дахь глюкоз шууд дуусчихгүй. Учир нь бид өмнө нь энерги нөөцөлсөн байдаг.

Тэр нөөцийн нэгийг гликоген (glycogen) гэдэг. Глюкозын олон нэгжээс бүтсэн, хэрэгтэй үед задлан ашиглаж болдог хэлбэр гэж ойлгож болно. Гликоген элэг болон булчинд хадгалагдана. Гэхдээ хоёр газар ижил үүрэгтэй биш.

Элэг гликогеноо задалж, глюкозыг цусанд нийлүүлснээр хоолны хооронд бусад эрхтнийг энергиэр хангахад оролцоно. Харин булчин өөрийн гликогеныг голчлон ажиллах, хөдөлгөөн хийхдээ ашигладаг. Булчингийн нөөц элэгнийх шиг шууд цусанд глюкоз нийлүүлдэггүй.

Элэг ба булчингийн гликоген

Нөөц ижил, үүрэг нь өөр
Элэг глюкозыг цусанд нийлүүлнэ. Булчин өөрийн нөөцийг агшихдаа ашиглана.Хялбаршуулсан 3D дүрслэл; хэмжээсийг бодит харьцаагаар үзүүлээгүй.
Үйл явцын тайлбар
  1. Элэг, булчин хоёрт хоёуланд нь глюкозын нөөц бий. Энэ нөөцийг гликоген гэдэг.
  2. Элэгний гликоген задрахад үүссэн глюкоз цусанд орж, бусад эрхтэнд хүрнэ.
  3. Булчингийн гликоген тухайн булчиндаа задарч, агшилтад хэрэгтэй энерги өгнө.
  4. Элэг бусад эрхтэнд глюкоз түгээхэд тусалдаг. Булчин өөрийн хөдөлгөөнийг тэтгэдэг.

Загварын эх сурвалж, лиценз

Элэг бас өөр нэг аргаар глюкоз гаргаж чаддаг. Лактат, глицерол, зарим амин хүчил зэрэг бодисоос глюкоз шинээр үүсгэхийг глюконеогенез (gluconeogenesis) гэдэг. Энэ үйл явцад бөөр ч тодорхой хэмжээгээр оролцдог. Гликоген задлах, глюкоз шинээр үүсгэх хоёр нь заавал нэг нь дууссаны дараа нөгөө нь эхэлдэг үйл явц биш, давхар явагдаж болдог.

Энэ зохицуулалтад инсулинтай хамт глюкагон (glucagon) гэдэг даавар оролцоно. Хоолны хооронд глюкагон элэгний нөөцөөс глюкоз гаргах, шинээр үүсгэх үйл явцыг дэмждэг. Өөрөөр хэлбэл, инсулин ба глюкагон хоёулаа цусан дахь глюкозын хэмжээг тохируулахад хэрэгтэй юм.

Энэ хэсгийг ойлгосны дараа хоол идээгүй хэдэн цаг өнгөрөхөд бид яагаад шууд энергийн дутагдалд орчихдоггүй нь арай тодорхой болов. Хүний бие зөвхөн хамгийн сүүлд идсэн хоолондоо тулгуурлаж ажилладаггүй юм байна.

Өөх тос, кетон хэзээ хэрэг болдог вэ?

Гликоген бол энергийн цорын ганц нөөц биш. Өөхөн эдэд ч энерги хадгалагддаг.

Хоолны хооронд инсулины хэмжээ харьцангуй буурахад өөхөн эдээс өөхний хүчил ялгарч, булчин зэрэг эдүүд түүнийг энерги гаргахад ашиглаж чадна. Гэхдээ глюкоз бүрэн дууссаны дараа л өөх тос ашиглагдаж эхэлдэг гэсэн үг биш. Бидний бие глюкоз, өөх тосыг ердийн үед ч зэрэг ашигладаг. Харин аль эх үүсвэрээс хэр их энерги авч буй харьцаа өөрчлөгдөнө.

Хоолгүй хугацаа уртсахад кетон (ketone bodies) гэсэн өөр нэг бодисын тухай яригдана. Элэг өөхний хүчлээс кетон үүсгэж чаддаг бөгөөд эдгээр нь зарим эрхтэнд нэмэлт энергийн эх үүсвэр болдог. Удаан хугацааны мацагт тархи ч кетоныг илүү их ашиглаж чадна. Харин цусны улаан эс зэрэг зарим эсэд глюкоз шаардлагатай хэвээр байдаг.

Биеийн энергийн эх үүсвэр

Энергийн эх үүсвэрүүд зэрэг ашиглагдана
Бие хэд хэдэн түлшийг зэрэг ашигладаг. Аль түлшийг түлхүү хэрэглэх нь нөхцөлөөс хамаарна.Хялбаршуулсан 3D дүрслэл; хэмжээсийг бодит харьцаагаар үзүүлээгүй.
Үйл явцын тайлбар
  1. Цусаар ирэх глюкозын нэг эх үүсвэр нь элэг. Энэ үед өөхний хүчил ч булчинд хүрч байдаг.
  2. Өөхөн эдээс гарсан өөхний хүчил булчинд хүрнэ. Булчин глюкоз ба өөхний хүчлийг зэрэг ашиглаж чадна.
  3. Хоолгүй хугацаа уртсах зэрэг нөхцөлд элэг кетон үүсгэнэ. Булчин зэрэг зарим эд кетоныг түлш болгон ашиглаж чадна.
  4. Глюкоз, өөхний хүчил, кетон нь зэрэгцэн хэрэглэгдэж болно. Тэдний эзлэх хувь байнга ижил байдаггүй.

Загварын эх сурвалж, лиценз

Эндээс «12 цагт өөх шатаж эхэлнэ», «16 цагт кетон асна» гэх тайлбарууд яагаад хэт энгийн болох нь харагдана. Хүн бүрийн сүүлд идсэн хоол, хөдөлгөөн, нөөц, бодисын солилцоо өөр. Ямар нэг яг таг цагт бүх хүний бие ижил өөрчлөгддөггүй. Мацгийн физиологийн тойм судалгаанд ч эдгээр дасан зохицох үйл явцын ялгаа, хязгаарлалтыг тайлбарласан байна.

Инсулин багасна гэдэг нь автоматаар эрүүл болж байна гэсэн үг үү?

Мацгийн тухай ярианд «инсулин буурна» гэдэг санаа байнга гардаг. Хоолгүй үед инсулины хэмжээ ерөнхийдөө багасдаг нь үнэн. Гэхдээ энд өөр хоёр ойлголтыг хольж болохгүй юм байна.

Нэг нь цусан дахь инсулины хэмжээ. Нөгөө нь биеийн эсүүд инсулины дохиог хэр сайн хүлээн авч байгааг илэрхийлэх инсулины мэдрэгшил (insulin sensitivity).

Харин эсүүд инсулинд өмнөх шигээ сайн хариулахгүй болохыг инсулины тэсвэржилт (insulin resistance) гэдэг. Энэ нь удаан хугацааны бодисын солилцооны асуудал бөгөөд хөдөлгөөн, биеийн өөхний хэмжээ, нойр, удамшил, эрүүл мэндийн бусад нөхцөл зэрэг олон зүйлтэй холбоотой.

Тиймээс хоол идэхгүй үед инсулин буурснаар хүний инсулины тэсвэржилт шууд арилна гэж үзэж болохгүй. АНУ-ын NIDDK-ийн тайлбар ч эдгээрийг тусдаа ойлголт гэдгийг тодорхой тайлбарладаг.

Биеийн хэвийн нэг хариу урвалыг хараад түүнээс эрүүл мэндийн том дүгнэлт хийхэд болгоомжтой хандах хэрэгтэй санагдав.

Аутофаг гэж үнэхээр эсүүдээ «цэвэрлэх»-ийг хэлдэг үү?

Подкастаас миний хамгийн их сонирхсон ойлголтуудын нэг бол аутофаг (autophagy) байлаа.

Аутофаг гэдэг нь эсийн доторх гэмтсэн эсвэл хэрэгцээгүй болсон зарим уураг, бүтцийг задлан, бүрэлдэхүүн хэсгийг нь дахин ашиглах үйл явц юм. Энгийнээр эсийн дотоод дахин боловсруулалт гэж төсөөлж болно.

Эсийн дотоод дахин боловсруулалт

Давхар мембран хаагдана
Аутофагийн үйл явцын хялбаршуулсан шинжлэх ухааны дүрслэл.
Үйл явцын тайлбар
  1. Тусгаарлах мембран гэмтсэн уургийн бөөгнөрлийг тойрон ургана.
  2. Аутофагосом уургийн бөөгнөрлийг дотроо тусгаарлана.
  3. Аутофагосомын гаднах мембран лизосомын мембрантай нэгдэнэ.
  4. Ферментүүд доторх мембран болон ачааг задалж, бүрэлдэхүүн хэсгүүдийг дахин ашиглах боломжтой болгоно.

Энэ бол зүгээр нэг таамаг биш. Японы эрдэмтэн Ёшинори Осуми аутофагийн механизмыг мөөгөнцрийн эс дээр судалж тайлбарласан ажлаараа 2016 оны Нобелийн шагнал хүртсэн. Аутофаг нь хүний эсүүдэд ч явагддаг, хэвийн үйл ажиллагаанд нь хэрэгтэй процесс.

Гэхдээ аутофаг зөвхөн мацаг барьж эхлэхэд асдаг зүйл биш. Тодорхой хэмжээнд байнга явагддаг бөгөөд шим тэжээлийн хүртээмж зэрэг олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөнө.

2025 онд 121 хүнийг хамруулсан судалгааны нэмэлт шинжилгээнд завсарлагатай мацаг, илчлэгийн хязгаарлалтыг хослуулсан бүлгийн цусны тодорхой эсүүдэд аутофагийн үйл ажиллагааны хэмжүүрээр зургаан сарын дараа хяналтын бүлгээс ялгаа ажиглагджээ. Гэхдээ энэ нь өдөр бүр 16 цаг мацаглах аргыг шалгаагүй, бүх эрхтэнд ижил өөрчлөлт гарсныг харуулаагүй, мөн эрүүл мэндийн урт хугацааны үр дүнг батлаагүй.

Үүнээс хойш 2026 онд гарсан судалгааны тойм-д мацгийн үеийн аутофагийг хүн дээр найдвартай хэмжих судалгаа хомс, яг хэдэн цагийн дараа ямар эдэд хэр хэмжээгээр нэмэгдэх нь тодорхойгүй хэвээр байгааг онцолжээ.

Тэгэхээр «аутофаг бодитой» гэдэг болон «16 цаг мацаглавал бие өөрийгөө цэвэрлэж, өвчнөөс хамгаална» гэдэг хоёр огт өөр түвшний дүгнэлт юм байна. Эхнийх нь тогтоогдсон механизм; хоёр дахь нь тусдаа нотлох шаардлагатай амлалт.

Унтах болон мацаг барих нь адилхан уу?

Шөнө бид хоол идэхгүй байдаг ч нойр, мацаг хоёр ижил зүйл биш. Нойр нь тархи, мэдрэлийн систем болон биеийн олон үйл ажиллагаатай холбоотой. Харин мацгийн үед гаднаас шинэ энерги авахгүй байгаагаас үүдэлтэй бодисын солилцооны зохицуулалт явагдана.

Заримдаа «унтаж байхдаа бүх эрхтэн цэвэрлэгддэг» гэх мэтээр тайлбарлах нь бий. Ийм зүйрлэл ойлгоход амархан ч яг үнэндээ элэг, бөөр зэрэг эрхтэн зөвхөн шөнө ажилладаггүй. Эсийн аутофаг ч зөвхөн унтахтай холбоотой процесс биш.

Эндээс ойлгосон зүйл маань энгийн: бие доторх өөр өөр үйл явцыг «цэвэрлэгээ» гэсэн ганц үгээр нэгтгэвэл ялгааг нь анзаарахгүй өнгөрч болдог юм байна.

Тэгвэл мацаг барих тусам сайн гэсэн үг үү?

Энэ бүхнийг уншаад мацгийг би хүний биед байдаг нэгэн дасан зохицох чадвар гэж ойлголоо. Хоол идэхгүй үед бие энергийнхээ нөөцийг ашиглаж, цусан дахь глюкозыг зохицуулж, хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой.

Гэхдээ энэ нь хоолгүй байх хугацааг аль болох уртасгах тусам эрүүл болно гэсэн үг биш. Удаан, хэт хатуу мацаг нь шим тэжээлийн дутагдал, биеийн булчингийн хэмжээ буурах зэрэг эрсдэл дагуулж болно. Чихрийн шижингийн инсулин болон зарим эм хэрэглэдэг хүмүүс, жирэмсэн эсвэл хөхүүл хүмүүс, хооллолтын эмгэгтэй хүмүүсийн хувьд илүү болгоомжтой хандах шаардлагатай. NIDDK-ийн мэргэжилтний ярилцлага үүнийг мөн анхааруулсан байдаг.

Эхний тэмдэглэлд бидний хооллох цаг нийгмийн хуваарь, зуршлаас хамааран өөрчлөгдөж ирснийг харсан. Харин энэ удаа хоолны хооронд бие маань юу хийдгийг бага ч болов ойлгож авлаа.

Надад хамгийн сонирхолтой санагдсан нь мацаг барих тухай шинэ дүрэм биш, хоол идээгүй байхад ч бие маань энергийн хэрэгцээгээ тасралтгүй зохицуулж байдаг явдал байв.

Харин үүнийг зориуд удаан үргэлжлүүлэх нь эрүүл мэндэд үнэхээр илүү ашигтай юу? Сүүлийн үед түгээмэл болсон 16:8 мацаг бусад хооллох хуваариас давуу юу, эсвэл зарим хүнд тохирдог олон аргын нэг үү?

Дараагийн тэмдэглэлдээ энэ асуултыг хүмүүсийн оролцоотой хийсэн судалгаануудтай тулгаж үзье.